Юун дэмий дэврүүн хүсэл!
Зүгээр л ажил хийе!
Ийм юм мөрөөдөж байгааг минь уучлаарай!
GenZ буюу шинэ үеийн инфлюенсерүүд (нөлөөлөгчид) ажлаасаа гарч, сар бүр 1000 доллар олох мөрөөдөлд живчихсэн. Яагаад гэвэл энэ мөрөөдөл тэдэнд үнэхээр болмоор, бүтмээр санагдаад байгаа. Өнгөрсөнд хийж байсан бүх ажил нь тэдэнд таалагдаагүй.
Егөөтэй нь, тэд хүмүүсийг хэдхэн төгрөг олохын төлөө нэг газраас нөгөөд, үйлчлүүлэгчээс үйлчлүүлэгчид, нэг платформоос өөр нэгд, компаниас компани дамжих хэрэгтэй гэж хэлэхдээ сийхгүй.
21 дүгээр зуунд хүний удирдах чадварыг ойшоохын оронд босс, удирдагчаа Таносын дараахь ертөнцийн хамгийн том хорон санаатан гэж боддог.
Интернетээр урам зориг өгөх гэж яриа хийдэг хүмүүс сургуулиа хаяад иймэрхүү байдлаар л хэдэн цаас олдог.
Сайн харвал тэд үүнээс өөр амжилт гаргаагүй байх нь бий. Яриандаа тэд мөрөөдөл, найдвар, сэтгэл хөдлөлийг дурдах бөгөөд Билл Гейтс, Марк Цукерберг, өөр бас Мак Доналдсын франчайзыг аваад өгчихөөр чадалтай аавтай хүнийг жишээ болгоно.
Гэхдээ 13 настнууд бол энэ тухай мартсан нь дээр. Ялангуяа, сургуулиа хаяад, өөрөө хөдөлмөрөөрөө баяжсан гэх үлгэр жишээ болох хүмүүсийн түүхийг март.
Ер нь хүмүүс тийм амжилтанд хүрдэг ч үгүй.
Гэтэл бидний хэдэн өрөвдмөөр найзууд элдэв курс, кемп цугларалт, “ур чадвар” суулгах сургалт гэх мэт допаминаа өсгөж болох бүх зүйлд хамрагддаг.
Коллеж төгсөөд, халаасандаа сохор зоосгүй болохдоо л тэд энэ бүх хугацааг шал дэмий өнгөрүүлснээ ойлгож ухаарна.
Хувиараа бизнес эрхлэх, энтрепренер байх, давхар ажил хийж мөнгө олох, зүгээр сууж байсан ч өсч байдаг хөрөнгөтэй болохыг бид “дэврүүн хүсэл” гэдэг.
Гэр бүл нь дэмжиж тэтгэж чадахгүй болох үед л 13 настнууд энэхүү гашуун үнэнийг ойлгодог юм даа.
Тэгээд зарим нь “гайхалтай” ур чадвараа үнэлүүлж чадахгүй байгаадаа харуусан уйлж байхад, нөгөө хэсэг нь бага цалинтай, байдаг л нэг ажилд орцгоодог.
Уйлаад суугаа хэд нь энэ түүхээ хуваалцах ч тэнхэлгүй байх вий.
Гурав дахь төрлийнх нь хүмүүс бол контент бүтээгчид.
Энэ төрлийн хүмүүс бол азаар мөнгө олох аргаа олчихсон бүлгийнхэн бөгөөд бусдадаа “Баяжих 5 амар арга” гэх мэтийн юм заадаг.
Би тэдний нэг нь.
Хэрвээ та өглөө 9-өөс орой 17 цагийн хооронд ажил хийдэг бол таны сошиал медианы нүүр хуудсыг иймэрхүү хэнд ч хэрэггүй урмын үгс дүүргэж байгаа нь дамжиггүй.
Минийхийг ч гэсэн тэгдэг юм.
Тэд биднийг эмч, эсвэл инженер болно гэвэл бараг буруу юм хийгээд байгаа юм шиг санагдахуйц хэмжээнд ажилладаг.
Бүгд оройн хоолон дээрээ Ipad, Iphone бариад суудаг айлд төрдөггүй шүү дээ.
Хүн бүрийн амьдралын нөхцөл өөр. Заримд нь нэг загварын имэйлийг олон зуун хүн рүү хуулж явуулахаас илүү тогтвор суурьшилтай, баталгаатай ажилтай байх нь дээр.
Гэхдээ энүүхнийг ойлгохын төлөө би их хугацаа зарцуулсан.
2020 оны зун, би бүр өөрийгөө хог новш мэтээр мэдэрч байлаа. Том эр хүн байтугай жирийн хүн ч гэж мэдэрч чадахгүй байсан юм. Хичээл номондоо сайн байсан ч үзэмжийн хувьд царай муутай нь байлаа л даа.
Миний толгойд орж ирсэн зүйл нь гэвэл код бичих, ном унших байлаа.
Тэгээд би нэг компьютер авсан.
Програмчлалын хэл сурч, араас нь өөр 5 ч зүйл сурав.
Гэхдээ л болсонгүй. 11 настай, царай муутай хүүхдийг хэн ч ажилд аваагүй.
Тэгэхээр нь бизнесмен болъё гэж шийдээд ээ. Эхний шалгуур нь хэвлийн зургаан булчинтай болох байлаа.
Маргааш өглөө нь 3:45-д сэрж, бясалгал, дасгал хийж, ном уншчихаад сургуульдаа явав.
Гэртээ ирлээ.
Маргааш шалгалттай.
Ердийнхөөсөө 2 цагаар илүү хугацаанд шалгалтдаа бэлдэв. Хажуугаар нь нөгөө 5 цагийн хичээлийн давтлагаа хийсэн бөгөөд маргааш өглөө нь дахиад 3-аас 5-ын хооронд програмчлалын хэлээ давтлаа.
Учир нь програмчлал бол ирээдүй шүү дээ, тийм ээ?
Мэдээж би ингээд мөнгө олоогүй. Тэгэхээр нь ном бичихээр шийдсэн.
Уул нь хэлмээр юм маш их байсан ч, үнэндээ нэг ч үг бичээгүй.
Ер нь ном гээч чинь огт зарагддаггүй эд гэдгийг ингэж ойлголоо. Ингээд 5 жил сургуульд сурч, ур чадвар эзэмшээд, дараа нь коллежид орохоороо бизнесээ хөгжүүлье гэж шийдэв ээ.
Гэхдээ бас хувь хүний бренд бүтээх гэж чухал ажил байна аа. Тийм ээ?
Тэгэхээр нь юүтүб суваг нээж програмчлалтай холбоотой хэдэн заавар видео орууллаа.
ХОГ ГЭЖ! ХЭН Ч ҮЗЭЭГҮЙ!
Ямар ч урам зориггүй байдалдаа гацчихлаа. Больё больё.
Нөхцөл байдал
Програмчлал болон маркетингийн талаар суралцсандаа харамсаагүй ч, хялбар аргаар мөнгө олох энэхүү хортой трендийн ачаар дараахь асуудал бүхий нөхцөл байдалтай нүүр туллаа.
- Угаасаа 35 кг давжаа би үүнээсээ 5 кг-г алдлаа.
- Үргэлж завгүй байх ёстой гэсэн хүсэлд хүлээтэй.
- Бусдыг хангалттай хичээж ажиллахгүй байна гэж хэлж, гэм буруутай мэдрэмж төрүүлдэг.
- Эргэн тойрны бүх хүнээ “бүтээлч байх” гэсэн шашны гаж урсгалд нэгдээсэй гэж хүсдэг.
- Хувь хүний хөгжлийн ном уншдаггүй хүмүүсийг дорд үздэг.
- Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, өөрөө цагийг зугаатай өнгөрөөсөн ч түүндээ өөрийгөө буруутгадаг.
- Хэтэрхий их шаналж, гутарч, паник аттакт ордог болчихсон.
- Бүтэлгүйтэл бүрдээ өөрийгөө буруутгах хэрнээ төлөвлөгөөгөө эргэж хардаггүй.
- Хүрээлж буй хүмүүсээ хүндэлдэггүй.
- Ямар ч найзгүй болж, “галзуу гажиг амьтан” гэдэг ангилалд орсон.
Намайг өөр юу хэлнэ гэж хүлээж байсан бэ? 24/7 байнга ажилтай, орлоготой байна гэсэн төсөөлөл маань бодит амьдрал дээрх логикт ялагдсан.
Эцэст нь интернетийн хаанаас ч олдох, долоо хоногт 4 цаг ажилладаг танихгүй хэн нэгнээс илүү багш, эцэг эх, ахмадуудаасаа үг сонссон нь дээр юм байна гэдгийг ойлгосон юм.
Компьютерын өмнө бүтэн өдөр сууж, 4хөн цаг ажиллах хэрнээ бүтэн цагийн ажилтнуудаас их мөнгө олдог хүмүүсийн талаар уншиж байснаас шалгалтдаа бэлдэж байхыг илүүд үздэг болсон.
Эрүүл мэнд, зүрхэнд ойрхон хэн бүхнээ алдан барин саятан болох нь тийм ч сайхан санаа биш юм гэдгийг мэдсэн.
Сар бүр тогтмол цалин аваад, өглөө 9-өөс орой 17 цаг хүртэл ажиллахыг сонгосон доо.
Ийм их юман дундуур туулж гарсан ч би харамсахгүй байгаа.
Бүтэн цагийн ажил хийдэг, өөрийгөө хэн ч биш гэж боддог хэн бүхэнд хандаж хэлэхэд:
Нийгмийн сүлжээний инфлюнсерүүд өөрсдөө мөнгө олохын тулд бусад мянга мянган хүнд мөнгө олох 10 арга гээч юмыг заадаг.
Тэгэхээр, 30 настайдаа тэрбумтан болж чадаагүйдээ өөрийгөө буруутгах хэрэггүй. Аав маань саятан биш. Тэгсэн ч гэсэн тэр аз жаргалтай амьдарч байна. Аз жаргалтай байхын тулд саятан байх шаардлагагүй.
Хүн бүрийн амжилтын талаарх ойлголт өөр. Бусдын өмнөөс санаа зовних эрх танд байхгүй.
Заримдаа, зүгээр л энгийн байх нь хавьгүй дээр.
Хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалан энгийн амьдралыг сонгох нь бий бол зарим нь Мерседес хөлөглөнгөө өөрсдийгөө энгийн амьдарч байна гэж боддог.
Тэгээд үүнийгээ минимализм гэж нэрлэдэг.