Хөхөмдөг үүлт тэнгэр

Batzaya Batjargal
3 min readJun 13, 2019

--

Феминист шинжтэй номнууд аргаад явдаггүй мөртлөө энэ ном нэлээн уншигдсан шүү. Дөрвөн жилийн өмнө уншсан номны тухай тэмдэглэлээ хуваалцъя.

Зохиогч нь: Чюн Яао — Chiung Yao

Чен Че (бичгийн нэр нь Чюн Яао)— 1938 оны дөрөвдүгээр сарын 20-нд Сичуан мужийн Ченгду хотод төрсөн. Түүний бүтээлүүдээр 100 гаруй телевизийн драма болон кино хийгджээ. Аав ээж нь аль аль нь өндөр боловсролтой хүмүүс байсан бөгөөд 1949 онд гэр бүлээрээ Тайвань руу нүүсэн.

16 насандаа анхны романаа хэвлүүлсэн. Ахлах сургуульд байхдаа л 200 гаруй өгүүлэл хэвлүүлчихээд байв. Сургуулиа төгсөөд коллежд орох гээд бүтэлгүйтсэн ч, хүнтэй гэрлэж, бичгийн ажилдаа эргэлтгүй орсон. Түүний бүтээлүүдийг Тайваньд маш сайн үнэлгээтэй хүлээн авч байсан бөгөөд 1990 он гэхэд эх газрын Хятадад алдартай зохиолчдын нэг болсон байв.

Хэдий тийм ч гэсэн түүний роман, кинонуудыг хэтэрхий мелодрам чиглэлийг баримталсан, мөн урт харилцан яриатай хэмээн шүүмжлэх хүмүүс ч байв.

Түүний уншигчд, үзэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг нь бүтээл бүр нь залуу эмэгтэйн мэдрэмжийг тод харуулдагаас болдог биз.

Магадгүй бид Чюн Яаог “Хуан Жу Гэг” киногоор нь хамгийн сайн мэдэх байх. Түүний нэр зөвхөн Тайвань, эх газрын Хятадаас гадна Хятадууд олноороо тархан суурьшсан газар бүрт түгэн дэлгэрчээ. Тиймээс ч «Хятад хүн суурьшсан газар бүхэнд Чюн Яогийн бүтээлүүдийг уншиж болно» гэсэн үг хуртэл бий ажээ.

Номон дундаас хамгийн их таалагдсан хэсэг:

- Аз жаргалтай гэр бүлд хэрүүл шуугиан, асгарах нулимс нь хүртэл ийм амттай байдаг ажгуу
- И Юнь ээ, чи минь ийм сайхан сэтгэлтэй сахиулсан тэнгэрээс өөрцгүй хүн болохоор чинь би чамдаа тэсгэлгүй хайртай байдаг юм шүү дээ

Ном уншаад…

Энэ номд гурван гол дүр бий. И Юнь, Хаотянь, Бихань. . . энэ гурван хүний нэрнээс нэг нэг үсэг аваад нийлүүлбэл Фанжун зохиолчийн дуулал шүлгийн эхний мөр болдог юм гэсэн. Тэр нь “Хөхөмдөг үүлт тэнгэр”

Гурвалжилж заваарсан хайрын тухай байдаг л нэг зохиол гэж бодох хүн бий л байх, харин надад бол санаа, үйл явдал нь тийм ч их таалагдаагүй мөртлөө асуулт хөврүүлсэн ном байсан.

Амь амьдрал гэдэг бол хайр, баясгалан, итгэл найдвар мөн” гэж энэ ном төгсдөг юм. “Хүүхэд бол хүсэмжит бэлэг мөн” гэж тунхагладаг миний сонирхлыг татахаар тэр төгсгөлийн бүлэг нь номыг бүтнээр нь уншихад хүргэсэн шүү.

За тэр ч яах вэ, ном уншаад эргэцүүлж бодсон зүйлс маань:

  • Удам угсаа, яс махны тасархай гэж яг юу вэ? Ийм нэг адгууслаг зорилгоос болж гэр бүлийн нандин холбоо, чигч шударгуу үнэнч байдлыг үгүй хийх нь зохистой юу?
  • Хүмүүс бид нар өөрсдийгөө янз бүрийн нийгмийн давхарга, баялгийн давхаргад хуваагддаг гэж бодож байсан чинь энэ нь ч юу ч биш, бүр өөр ертөнцөд амьдардаг юм биш байгаа? Арай дөнгүүр нь зовлонд ээрэгдсэн, гарах гарцгүй болсон хөөрхий хүмүүсийг ойлгохгүй ангид амьдарч байна уу даа.
  • Яагаад эрэгтэй эмэгтэй хоёр хоёулаа үүрч болохоор зовлонг эмэгтэй хүн илүү ихээр үүрч, илүү ихээр шархдах ёстой болдог вэ?
  • Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхгүй байхаар яачихаад байдаг юм бол? Огт хүүхэд төрүүлэхгүй гэж баттай шийдвэр гаргачихаад явж байгаа маш цөөхөн эмэгтэйтэй л би таарсан. Ихэнх нь л хүүхдийг Бурханы бэлэг гэж баяртай хүлээж авдаг. Гэтэл үнэхээр болохгүй байгааг яагаад манай дорны соёл зүгээр байгаагаар нь хүлээж авч чаддаггүй юм бол? Хүүхэдтэй болохгүйн зовлон дээр болохгүй байгаагийнхаа төлөө элдвээр хэлүүлэх зовлон үүрүүлэхгүй байвал яадаг юм бол?
  • Номон дээр И Юнь нь аргагүй байдалд орсон өөрийн сурагч Биханий амийг аварч гэртээ авчирч байгаа тухай гардаг. Өөрөө ярьж байгаа шигээ амьдарч байгаа хэрэг. Ийм ярьсан шигээ амьдардаг, бусад хүмүүс бол ойлгохооргүй хүмүүстэй хувь заяагаар их таарч байгаадаа баярлаж явдаг юм. Гэхдээ яг надад өөрт хамааралгүй хүний өмнөөс хариуцлага хүлээх шаардлага тулбал би чин зоригтой байж чадах болов уу?
  • Асуудал тарьж байгаа хүн алга болчихоор аз жаргалтай болчихдоггүй. Аз жаргал гэдэг чинь асуудалгүй байна гэсэн нэр биш юм.

Та ч бас энэ номыг уншвал өөр өөр асуултуудтай дуусах биз

:)

Эмэгтэй хүн гэж эмэгтэйчүүддээ ч ойлгогддоггүй сонин цонхоор өөрсдийнхөө тухай уншихад сайхан байсан юм, та бүхэнд бас таалагдана гэж найдаж байна.

--

--

Batzaya Batjargal
Batzaya Batjargal

No responses yet