“Хулгайч, цагдаа” тоглоё

Batzaya Batjargal
3 min readJun 16, 2024

--

“Хулгайч, цагдаа”, “Мафи” гэдэг тоглоом байдаг даа. Тоглогчдын нэг хэсэг нь жирийн иргэд, 2–3 нь мафи, бас төдий тооны цагдаатай байдаг. Жирийн, жирийн ч гэж дээ, улны хэд нь нийлээд мафиа олж устгаж чадвал цагдаатайгаа хамт хот тэр аяараа ялдаг. Хэн хамгийн сэжигтэй байгааг бодит факт, үндэслэлээр тайлбарлаж, бусдыгаа ятган үнэмшүүлж чадаж байж мафиа ялна шүү дээ.

Энэ удаагийн тоглоомд (сонгуулиар) дараах үйлдлүүдийг хийж байсан нь мафи шүү, минийхээр:

  • Бизнес дээрэмдсэн, хаасан, бизнес эрхлэгчдийг хорьсон. Ер нь, өргөн утгаараа, шүүхийн шийдвэргүйгээр хорих нь ихэссэн. “Монгол Улс 2020, 2021 онд баривчилгаа явуулахдаа шүүхийн шийдвэргүйгээр буюу 48 цаг цагдан хорьсон нь нийт баривчилгааны 98–99 хувьд байна” гэж НҮБ-ын шинжээч дүгнэсэн.
  • Өвлийн ид хүйтэнд машиныг тэгш, сондгойгоор нь явуулж, автобусны чиглэлийг өөрчилсөн.
  • Хэвлэлийн эрх чөлөөний индекс, авлигын индекс хэдэн арван байраар ухарсан. Үг хэлсэн, мийм хийсэн хүнийг ч дуудаж шалгадаг болсон. Сүхбаатарын талбайд жагсаал хийхэд баривчлагдахгүй гэх баталгаагүй болсон.
  • УБ-Дарханы 200 км замыг 6 жил тавьж байгаа ч дуусаагүй л… Огцом эргэлтүүд, муу төлөвлөлтөөс болж сүүлийн 8 жилийн дотор энэ зам дээр 300 хүн амиа алдсан байна.
  • Цахилгааны хязгаарлалтад өртдөг болсон. Энэ нөхцөл байдлаа сайжруулахын оронд Эрдэнэт үйлдвэрээс мөнгө авч, өрхийн цахилгааны төлбөрийг тэглэсэн. Попроно попроно гэхэд бас арай л… Эрчим хүч экспортолдог болно гэсэн хоосон амлалтаас цахилгааны хязгаарлалт руу уруудах ч гэж дээ.
  • Түгжрэлийн сайдтай болоод 400 тэрбумыг төсөвлөж өгсөн ч тэг зогсдог болсон.
  • Бензинд дугаарладаг болсон. Бүр 2021 онд ч дугаарлаж байсан талаарх мэдээг энд холболоо.
  • Үер болоход ус соруулах насосгүйн улмаас хувийн компанийн түрээсийн помпыг зүгээр авч хэрэглэх гээд дийлээгүйг бид ФБ лайваар шууд үзсэн. Одоо хотын дарга нь бороо орохоор шөнө унтаж чадахгүй, ойр ойрхон сэрээд байгаагаа инээдэм болгож ярьж байна билээ. Уул нь инээдэм биш ханиадам баймаар. Хотын дарга шөнө сэрэхгүй байсан ч ажиллаж байдаг систем угсрах ёстой хүн шүү дээ.
  • Бродюрыг графиктайгаар сольдог ч ус зайлуулах амсар, нүх гаргахаа мартдагийн улмаас бид байнга уртын харайлт хийсээр. Одоо бүр тэр бродюрныхаа зам руу налуу болж ордог хэсгийг нь ч мартаж орхидог болсон. Дугуйтай, скүүтертэй, түрдэг тэрэг, тэргэнцэртэй хүмүүст их л төвөгтэй байдаг гэнэ.
  • Хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд өдөрт 50 гаруй, 100 гаруй хууль бөөндөж батлав. Бөөний барааны зах биш дээ.
  • Авлига хорооллыг нураана гэж хэлсэн ч тэр нь улам сүндэрлэсээр бий.
  • Сэжиглэхүйц их мөнгөтэй байна. Энэ нь олон тооны инфлюнсер, урлаг соёлынхныг өөрсдөдөө ажиллуулж байгаагаас нь харагдана.

Зөвхөн КОВИД-ын үед яаж гомдоож байсныг санавал яах аргагүй мафи байгаа юм.

  • Өөрсдийнхөө иргэдийг гадаадад гацаасан. Эх, хүүхдийг гялгар хаалтны наана, цаанаас уулзуулаад салгасан бөгөөд ээж нь удалгүй нас барсан. Нэг залуу эмэгтэй аавынхаа оршуулгад оролцчихъё гэж уйлаад, гуйгаад, ФБ лайв хийж байсан ч зөвшөөрөгдөөгүй. Олон хүн эмнэлгийн туслалцаа авч чадаагүйн улмаас архаг, хууч өвчин нь сэдэрч нас барцгаасан. Эмнэлэг хайсаар яваад, эмнэлгийн гадаа нас барсан хүнийг “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж гүтгэсэн, доромжилсон. Тэгсэн мөртлөө том даргын эхнэр улаан бүсээр туучаад гарсан. Дэлхийн олон улсаас онцгойрч 35 хоногийн хөл хорио тогтоохдоо халдвар хамгаалалын дэглэм алдаж, түүнийг нь илчилсэн залууд ял оноосон.
  • КОВИД-19-ыг 8 саяар эмчилсэн. Үнэндээ тэр нь 40,000 төгрөгийн өртөгтэй эмчилгээ байсан.
  • Ковидын хүнд үед 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьсан. Тэр рүү ус зөөж байгаа бичлэг бас байдаг.
  • Ковидын үеийн төсвийн зарцуулалтыг тайлагнаагүй, сонсгол зохион байгуулаагүй л байна.
  • Ковидын дараа “Шинэ сэргэлтийн бодлого”-д 10 их наядыг зарцуулсан. Энэ тухайгаа нэр дэвшигчид нь мэтгэлцээний үеэр бахдалтайгаар ярьж байгаа тул хэн, ямар компани энэ хөтөлбөрт хамрагдаж, сэргэсэн бэ гэдгийг мэдэж авах эрхтэй.
  • Ногоон, хуучин автобус авч ирж, эцсийн мөч хүртлээ шинэ гэж зүтгэсэн. Сайд нь хөөрхий, шинэ гэдэгт нь итгэлтэй байсан тул Сүхбаатарын талбай дээрээ гаргаж тавьсны улмаас хуучин гэдгийг нь нуух аргагүй болсон. Ер нь өмнө нь шинэ автобус авч байсан болов уу? гэсэн хар төрсөн.
  • КОВИД-19-н үеэр биднийг гэрт маань хорьчихоод өөрсдөө сонгуулийн сурталчилгааны үеэр тэврэлдээд, үнсэлдэх нь халаг болсон.
  • КОВИД-19-ын үед биднийг ганцаараа машинаа унаад явбал халдвар авна гэх мөртөө олуулаа нийтийн тээвэрт айлгүй зорч гэж тулгасан.

Мөхөс миний богино ухаанд ахар хугацаанд орсон нь энэ. Та нар бас мафийг ажиглаж байсан байлгүй. Саналаа хэлээрэй.

--

--

Batzaya Batjargal
Batzaya Batjargal

No responses yet