Фүрүкүраг зөнгөөр нь орхи…

Batzaya Batjargal
3 min readJun 4, 2019

--

Бид ер нь заавал “Цэцэрлэг-ЕБС-Их дээд сургууль-Ажил төрөл-Гэр бүл-Үр хүүхэд” гэсэн гинжин хэлхээний дагуу амьдрах ёстой билүү? Заавал амжилттай амьдрах ёстой юу? Гэтэл тэр “амжилт” гээч нь яг юу юм бэ? Өөрөө өөртөө сэтгэл хангалуун, амар тайван, эргэн тойрныхондоо гай бололгүй шиг амьдарч болохгүй юу? гэх мэт асуултууд ээрээд л байдаг бол, та наашаа суугаад Фүрүкүратай танилцаарай.

Ном дуустал “Ээ, битгий л дээ, Фүрүкүра” гэж хэд хэлэв ээ. Яагаад гэвэл тэр өрөөлтэй адилхан байхыг сонгоод байсан юм. Харин…

Эцэст нь Ширахагийн тас зуурсан гарыг тавиулж дөнгөөд гараа элгэндээ эвхэв. Энэ гар үйлчлүүлэгчдэд хариулт мөнгө өгөх, захиалсан хоолыг нь ууталж өгөхөд чухал хэрэгцээтэй гар. Ширахагийн хөлсөнд нэвчиж зууралдсан гараа бушуухан л угааж цэвэрлэмээр болов.

…гэдэг хэсэг дээр хачин сайхан, сэтгэл дүүрэн мэдрэмж авлаа шүү дээ. Тэр өөрийгөө юуны төлөө энэ хорвоо дээр ирснээ мэдэж байгаа нь тэр. Нэрийн дэлгүүрт ажиллаж, үйлчлүүлэгчдэд хариулт мөнгө өгч, захиалсан хоолыг нь ууталж өгөхөөр бүтээгдсэн л хүн шүү дээ.

Гол нь ийм байсныхаа төлөө хэнд ч гай болоогүй. Өөрийнхөөрөө байгаа нь энэ гээд хаа сайгүй хорт хий цацаад байдаг зарим нэг “цөөнх”-үүдээс тэс ондоо. Тэр өөрийнхөө хэлбэр дүрсийг эвдэхгүйн зэрэгцээ нийгмийн нэг буланд эвтэйхэн шингэчихэж байгаа юм. Яг байх ёстой газраа олоод л…

Фүрүкүра нь Япон, 36 настай, ганц бие, найз гэх хүнгүй эмэгтэй. Нэг л нэрийн дэлгүүрт 18 жил ажилласан. Зүв зүгээр байхад нь “засар” гээд бүгд шавдуулаад байхаар өнөөхөд нь тааруулж “эвтэйхэн” шиг амьдарсаар 36 хүрнэ. Яг үнэндээ юугаа, яаж, ямар учраас засах ёстойгоо ер ойлгохгүй. Гэнэтхэн залуужиж, тогтвортой ажил хийдэг болж, хүнтэй гэрлэх (тийм оролдлого хийснийг тооцохгүй шүү) боломжгүй шүү дээ.

“Гай газар доороос, гахай модон дотроос” гэдэг шиг Шираха гээд нэг гахайтай таарч, хариу ч үгүй өөрөөсөө өөр амьдралаар амьдрахаа алдана. Гахай гэсний учир нь, Шираха бол нийгмийн хэв журмыг ч, өөрийгөө хүндлэн хайрлахыг ч мэдэхгүй, тэгсэн хэрнээ мэдэмхий туучий. “Чулуун зэвсгийн үе” гээд яриад эхлэхээрээ хичнээн яршигтай гээч… Өөрөө өөрийнхөөрөө байх гээд чадахгүй, бас өөрийнхөөрөө хүнд дургүй. Ийм хүмүүсээс хол байх юм шүү…

Нэг хэсэг “хэт хөөрхөн” хүүхэн шуламд тооцогдож шатаагдаж байсан бол, өөр нэг түүхэн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс “хараагдсан” хэмээгдэж хавчигдаж явсан.

Бид ч нэг үеэ бодоход ялгаатай байдлуудыг хүлээн зөвшөөрдөг болжээ. Гэвч бас л хангалттай биш. Энэ номон дээр бол Фүрүкүраг хэнд ч гай тариагүй байхад элдвээр хэлээд байж суулгахгүй зовоож байлаа. Өнөөх нь ядаж, “аядуу зөөлөн” юм болохоор хүмүүсийг дуурайн аяглаж, хэсэг хугацаанд ч гэсэн анхаарлын төвөөс холдож байв. Яг л Magnolian & NMN — ий “Өөр хүмүүс” дуун дээр гардаг шиг

Өөр өөр хүмүүс миний өөр өөр талыг авчрахад

Чамд байсан би өөртөө илүү таалагдлаа

Таван жилийн өмнө нэг амьдралын дасгалжуулагч (life coach) цэнгээний газар ажилладаг залуугийн тухай ярьсан юм. Өнөөх нь хүнтэй ойрхон байж, чихэнд нь юм шивнэж хэлэх дуртай болохоор бааранд ажиллах яг таардаг байж л дээ. Чанга дуу чимээнд дандаа л хүний чихэнд шивнэнэ гэсэн үг. Тэр дасгалжуулагч сурагч бидэнд “Хүн яг байх газраа олчихвол тэр нь баар байсан ч аз жаргалтай байна” гэж хэлэхэд арай залуудсан уу, “баар” гэдэг үгнээс болсон уу, нэг л ойлгохгүй өнгөрсөн юм.

Харин одоо бол Бурхан биднийг бусдаасаа ялгаатай байхаар бүтээж, ялгаатай үр дүн хүлээдэг гэж итгэдэг. Гэтэл яагаад ч юм, хэзээнээс ч юм, бид ялгаатай хүмүүст дургүй байсаар ирсэн. Одоо харин Фүрүкүра биш хэдүүлээ “засаръя”. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрье. Нэг нэгнээ зөнгөөр нь орхиё.

--

--

Batzaya Batjargal
Batzaya Batjargal

No responses yet