“Амьдрахуй”-г амьдруулсан Жан
Үй Хуагийн “Амьдрахуй” номыг Тагтаагийнхан орчуулаад, Монголд моданд оруулаад авсан. Жилийн өмнө номын дэлгүүрт “Амьдрахуй” гэх ганц ном сугавчлаад гарав. Гэртээ хариад дөнгөж нээтэл нэг л танил дүр, танил үйл явдал эхлэх нь тэр. Гэтэл би ном авахаасаа жилийн өмнө энэ зохиолоор Жан И Моугийн хийсэн To Live гэх ижил нэрт киног нь таван удаа үзэж, холбоотой нийтлэл, бүтээлүүд уншиж, найман хуудас тэмдэглэл бичиж “Хүн ам зүй” хичээлийн даалгавраа өгч байжээ.
Ингэж, даалгаврын шаардлагаар анх Жан И Моу гэх найруулагчийн өөрийнх нь түүх, бусад киног сонирхож эхэлсэн юм. Өөр ямар кино найруулж вэ? гээд хайтал өмнө нь үзсэн олон кино гарч ирсэн. Саяхан “Долоогоно модны доор” (Under the hawthorn tree) киног үзээд Жан И Моуг эргэн санасан юм. Өмнөх блогтоо энэ киног оруулах гэснээ түүний талаар тусад нь оруулъя гээд орхисон.
Жан И Моу бол жинхэнэ дорны найруулагч. Түүний кинонд ямар ч Холливудын алдартан тоглосон, тэр нь дорнын өнгө аясаа алдахгүй. Зөөлөн, тайван, харилцан яриа нь далд утгатай. Дайны кино байсан ч нэг тийм хөнгөн, уярам мэдрэмж хэвээр.
Гэхдээ манай хүн нэг их тийм аядуу зөөлөн хүн биш шиг байгаа юм. Кинонуудынх нь танилцуулгыг үзэж байхад Хятадад гаргахыг хориглосон кино хэд хэд байсан. Хятад хэл дээрх киног Хятадад нээхгүй байна гэдэг эдийн засгийн утгаараа бол алдагдал хүлээхээр ноцтой хэрэг. Гэхдээ Жан И Моу бол зохиолыг дэлгэцнээ амилуулахад л анхаардаг юм шиг. Амжилтынх нь нууц бараг сайн зохиол гэчихэд буруудахгүй байх, Үй Хуагийн “Амьдрахуй” шиг, Мо Яний “Улаан шиш” шиг…
Олон зүйл нуршилгүй үзсэн кинонуудаасаа, бүтээгдсэн он цагийн дарааллын дагуу дурдъя
- To Live — Амьдрахуй
Номыг нь уншихад энэ нөхөр гол дүр байгаа биз? Кино үзэхэд ч гэсэн энэ нөхрөөс бүх хэрэг шалтгаалж байгаа нь тодорхой. Энэ хүний жүжиглэх чадвар ёстой супер. Гэхдээ найруулагч ах өөрөө хайрлаж дурладаг эмэгтэйгээ гол дүр шахуу болгож товойлгосон байна билээ. Гун Ли шүү дээ. 1991 онд гарсан мөн найруулагчийн “Улаан дэнлүүг өргө” гэх кинонд бас гол дүрд тоглосон. Хойш өгүүлэх олон кинонд бас чухал дүрүүд бүтээсэн бий. “Улаан дэнлүүг өргө” гэдэг ч бас л чанга кино шүү, “Хятадуудаа эмэгтэй хүний зовлонд цадах болоогүй юу?” гэчихмээр эртний Хятадын эхнэр, татвар эм авдаг байх үеийг үзүүлсэн кино. Энэ кино нь BAFTA-гаас “Гадаад хэл дээрх шилдэг кино” шагналыг 1991 онд хүртэж байсан.
Сонирхуулахад, энэ зохиолоор өөр найруулагч олон ангит кино хийсэн байна билээ.
Мөн энэ зохиол нь улс төрийн өөр өөр зохион байгуулалтууд жирийн нэгэн хүний амьдралд яаж нөлөөлж болдгийг энгийн байдлаар хүүрнэн өгүүлсэн. За тэр фашизм, дайн тулаан, социализм, түүний Мао даргыг шүтэн бишрэх үзэл, баялгийн нийгэмчлэл, хөдөлмөрийн хуваарилалт, хөл нүцгэн эмч нар гээд олон том өөрчлөлт, туршилтын хор хөнөөлийг яг хөрсөн дээр буулгаад үзүүлсэнд нь алга ташмаар.
2. Not one less — Нэгээр ч дутаахгүй
1999 онд хийгдсэн энэ кино ёстой шилдэг. Бараг нэг дүртэй гэхэд хилсдэхгүй. Тэгснээ тэр нэг дүр нь жүжиглэлтийн талаар юу ч мэдэхгүй. Найруулагчийн авьяас юм даа. Манай нэг сумын төвд ийм юм болбол яах бол гэж бодоод л үзээд байна. “Амьдрахуй” шиг зовлон хагацал гарахгүй ч кино болсон хойно зөрчил гарна. Энэ киног үзээд дуусахад Бадрууган агсны “Шинэ үсгийн багш” санаанд орж байсан. Түүх нь ондоо ч гэсэн өгсөн мэдрэмж нь их төстэй, хөнгөхөн, дулаахан, хайр татам. Хөнгөхөн гэдэг нь амархан мартагдана гэсэн үг биш шүү, цээжин дээр хүнд юм дарж өвтгөхгүй, толгойд олон бодол хургаж зовоохгүй гэсэн эерэг утгатай.
Энэ онд бүтээгдсэн “The Road Home” (7.8/10 — IMDb, 89% — RT, 71% — Metacritics)-ийн талаар олон зүйл нуршилгүй орхиё. “Дорнын Титаник” гэдэг нийтлэл фэйсбүүктэй бараг хүн бүрд хүрсэн биз ээ.
3. The flowers of war — Дайны цэцэгс
Хүлээлтээс муу үнэлгээтэй байсан. Хамгийн их сэтгэл хөдөлгөж чадсан кинонуудын нэг гэвэл үүнийг нэрлэнэ. Дайн, түүний хор хөнөөл, хэцүү цагт хүмүүсийн нэг нэгнээ гэсэн сэтгэл гэх мэт олон кинонд байдаг сэдэв. Гэвч тэр бас хажуугаар нь хүмүүсийг амьдралаа залгуулдаг “ажлаар” нь үнэлэх хэрэггүй гэж стереотипийн эсрэг сайн дуугарсан. Ер нь Хятад, Солонгочууд Японы дайны эсрэг иймэрхүү киног ёстой сайн хийх юм.
4. Curse of the Golden flower — Алтан удвал цэцгийн хараал
2006 оны энэ киног үзээгүй хүн бараг үгүй биз. Дахиад л Гун Ли эгч байгаа биз. Гэснээс энэ кинон дээрээс Жэй Чоу (Jay Chou) гэх үзэж сонсдог нэг алдартантай болж байсан. Энэ киноны дууг нь сонссоор байгаад бараг Хятад хэлтэй болонгоо алдсан.
5. Under the Hawthorn Tree — Долоогоно модны доор
Нөгөө л гоё хөнгөн мэдрэмж. Нөгөө л социализмын сул тал.
Манайд хэрэгжиж байсан “Илгээлтийн эзэн” гэдэг шиг хөдөлгөөн өрнөж, оюутнууд хөдөө орон нутагт соёлын үр тарина гээд илгээгдэж байсан үе гардаг. Ер хайр дурлалд ч Соёлын хувьсгалын үеийн улс төрийн үзэл суртал хутгалдана. Яагаад гэвэл улс төрд итгэх итгэл хэтийдвэл шашингүй шашин болдог бөгөөд амьдралынхаа бүхий л шийдвэрийг намын төлөвлөгөөтэй уялдуулах хэрэг гарна.
Одоо харин түүний кино болгосон “Улаан Шиш” номыг М+ аппликэйшнээс уншиж байгаа. Уншчихаад киног нь үзнэ гэчихсэн байна. Харин дараа нь түүний найруулсан 1990 оны Ju Dou киног л олоод үзчихмээр байна даа.