IQ, EQ, бас шинээр CQ — Cultural Quotient

Batzaya Batjargal
4 min readMay 25, 2019

--

Саяхан л EQ-ийг уншиж байсан чинь өөр зөндөө quotient буюу ур чадварууд нэмэгдчихжээ. Өнөөдөр нэгийг нь хуваалцахдаа хуучин хоёроо марталгүйгээр, бага зэрэг баримт дэлгэе.

Intelligence Quotient

Хэдийгээр IQ нь олон жилийн турш яригдаж байгаа боловч, хүмүүсийн дунд ердөө хурдан унших, тоо бодох, хөзөр цээжлэх төдийгөөр ойлгогдсоор байна. Тиймээс энэ удаад IQ болон IQ-ийн сорилтой холбоотой зарим баримтыг дурдъя.

  • Оюун ухааны чадварыг хэмжиж тодорхойлж болдог. IQ сорилууд ч энэ үүргээ сайн гүйцэтгэдэг. Сорилууд нь шинжлэх ухаанч, найдвартай байдлаараа ямар ч сэтгэл зүйн тест, үнэлгээнээс илүү бодитой.
  • IQ сорилд ямар ч соёлын нөлөө ордоггүй.
  • Эдийн засаг, ажлын байр, нийгмийн олон талт асуудалд хүний оролцоог тодорхойлоход хамгийн их хамааралтай хүчин зүйл нь IQ байдаг. Энэ нь хэрэг болохуйц, нийгмийн ач холбогдолтой хэмжүүр юм.
  • Бүх л зүйл дээр учир шалтгааныг олж тогтоох болон шийдвэр гаргах ур чадвар шаарддаг болсон энэ үед өндөр IQ-тэй байна гэдэг давуу тал.
  • Амьдрал нарийн төвөгтэй болох тусам л өндөр IQ-тэй байхын давуу тал нэмэгдээд байна.
  • Мэдээж боловсрол, сургалт, ажил төрөл дээр зөвхөн оюун ухааны чадвар нөлөөлдөг юм биш. Гэхдээ л IQ хамгийн чухал нөлөө үзүүлдэг нь.
  • Бусад хувийн зан чанар, авьяас чадварууд чухал л даа. Олон ажилд… Гэхдээ оюун ухааны чадвартай хосолж байж л тэр авьяас чадвар нь өргөн хүрээнд, олон тал руу хөрвөх чадвартай болдог юм.
  • IQ-ийн чадварт орчин нөхцөл гэхээсээ генетик нь илүү их нөлөөтэй. Оюун ухааны удамших хувь нь 57–73 байдаг.
  • Оюун ухааны чадварт генетик илүү нөлөөлдөг хэдий ч орчин нөхцөл ямар ч нөлөөгүй гэсэн үг биш. IQ нь хүүхэд наснаас авахуулаад бага багаар өөрчлөгдөж, тэр хэрээрээ тогтворжиж байдаг эд.

Emotional Quotient

Хэдэн арван жилийн турш IQ нь хувь хүний өрсөлдөх чадвар, оюун ухааныг хэмждэг цор ганц арга байсаар ирсэн. Харин одоо энэ нь амжилт гаргахад хангалтгүй гэдгийг ойлгож байна. EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь зөвхөн өөрийн биш, бусдын сэтгэл хөдлөлийг танин мэдэх, түүнтэй хэрхэн харилцахаа мэддэг байх ур чадварыг хэлнэ. Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum)-ын гаргасан саяхны нэг судалгаагаар, 2020 он гэхэд ажилтан сонгон шалгаруулах хамгийн чухал 10 ур чадварын нэг нь EQ болно гэжээ.

Өндөр EQ-тэй хүмүүс бусадтай амархан ойлголцдог, хамтран ажилладаг. Тиймдээ ч тэд ажлын бүтээмж сайтай байж, өндөр цалин авахын зэрэгцээ сэтгэл гутралтай хамгийн бага тулдаг гэнэ. Сэтгэл зүйч Даниел Гөүлман EQ-г тодорхойлохдоо дараах дөрвөн бүлэг хэв шинжээр тодорхойлохыг санал болгожээ.

- Өөрийгөө танин мэдэх

- Өөртөө эзэн байх

- Бусдыг ойлгох (бусдын байранд өөрийгөө тавьж үзэх, бусдыг бодолцох)

- Харилцааны ур чадвар

EQ-ийг сурч болдог. Канадын Зан Дадлын Шинжлэх Ухааны Төвийн судалснаар хүн тархиа хэдэн ч насандаа хөгжүүлж, EQ-ийг хөгжүүлж болдог гэжээ. Дэлхий даяар маш олон сургалтын төв, сургуулиуд хичээлийн хөтөлбөртөө EQ-ийг хөгжүүлэх хичээлүүд оруулж байгаа бөгөөд нэгэнт бүх насанд сурч болдог зүйл учраас насанд хүрэгчдэд ч бас хичээлүүд ордог болжээ.

Cultural Quotient

Глобалчлал дийлдэхээ больж, инноваци, хиймэл оюун ухаан яригдаж эхэлснээс болоод дэлхий улам л жижгэрч байна. Харин үл ойлголцлоос болоод хүмүүсийн харилцаа холдсоор. Ердөө ганц товч дарах төдийд бид дэлхийн нөгөө өнцөгтэй холбогдож болохоор үед амьдарч байна. Биднийг газар зүйн байршил биш үл ойлголцол холдуулдаг болсон үе иржээ.

CQ -г Сун Ан болон Линн Ван Дин нар анхлан академик түвшинд судалж танилцуулжээ. Хүний бусад ур чадвар (quotient)-ыг хэмждэг шиг CQ-г ч хэмжиж тогтоож болно.

Орчин үед таны удирдлагад өөрөөс тань өөр соёлтой хүнийг удирдах нь бараг гарцаагүй боллоо. Энэ үед, ялангуяа олон улс дамнасан бизнес эрхэлдэг, ажил хийдэг хэнд ч уламжлалт оюун ухааны чадвар (IQ), сэтгэл хөдлөлөө удирдах чадвар (EQ)-аас гадна СОЁЛЫН МЭДРЭМЖ (CQ) хэрэгтэй цаг үе тулаад байна. Монгол хэл дээр “мэдрэмж” гэж орчуулсан боловч энэ нь ердөө мэдрэмж төдий биш, өөр соёлуудын үнэт зүйл, сонирхол, ажиллах арга барилыг танин мэдэж, тохируулах талаар юм. Энэтхэг Пакистаны хоорондын харилцаа, миллениалс болон Z үеийнхний ялгааг мэдэх гэх мэтээр олон төрлийн мэдрэмжийг шалгах шинэ үед амьдарч байна.

Амжилттай удирдагчдад СОЁЛЫН МЭДРЭМЖ хэрэгтэй. Сайн мэдээ нь гэвэл CQ-ийг сурч, суулгаж болдог эд. Олон удирдагч соёл хоорондын харилцааг ойлгодоггүй, CQ муутай, хэлэлцээр хийх чадваргүйгээсээ болж яаж алдаж байгааг бид харж байна.

Харин CQ-ээ нэмэгдүүлье гэвэл өөрт тань доорхи ур чадварууд байгаа эсэхийг заавал шалгаарай.

  • Дасан зохицох
  • Тунгаан бодох, шийдвэр гаргах
  • Хэлэлцээр хийх
  • Санал бодлоо солилцох, итгэлцэх, инноваци бүтээх
  • Удирдах
  • Зардал хэмнэх, ашиг олох чадвар

Зөвхөн удирдагч ч гэлтгүй, жирийн албан хаагч, оюутан болсон бид ч өөрийгөө, өөрийнхөө соёлын онцлогийг ойлгож мэдрэх нь бусдын соёлыг ойлгож хүндлэх нэг түлхэц болно. Тэгээд өөр байдалд мэдрэмжтэй хандаж байя.

Жич: Клиник сэтгэл зүйч, “Гэр бүл анхаарлын төвд” төвийн тэргүүн Т.Хонгорзулын “Хүүхдээ EQ-гийн чадвартай болгохын тулд дараах 2 хүмүүжлийн аргаас татгалз” гэсэн ярилцлагыг эндээс уншаарай.

За тэгээд IQ, EQ гээд явж байтал дараа дараагийн Q-үүд гараад ирлээ. Гарч ирсэн болгоныг нь хуучин дээрээ аль чадахаараа хөгжүүлээд, урагшлаад байж дээ. Учир нь шинэ ур чадвар нэхэгдэх боллоо гээд хуучин нь хэрэггүй болчихгүй.

Энэ удаад энд хүргээд дуусгая. Удахгүй илүү дэлгэрэнгүй оруулнаа. Бүгдэд нь амжилт хүсье.

--

--