2020 онд үзсэн кинонуудаас…

Batzaya Batjargal
5 min readJan 1, 2021

--

2019 оны 11 дүгээр сард дөрвөн ном уншиж дууссанаас хойш нэг ч ном бүтэн уншиж дуусгалгүй 2020 он дуусчихлаа. Харин нэлээд хэдэн кино үзжээ. Жив жирийн нэг үзэгчийн хувьд тэр кинонууд дундаасаа хэдэн киног нь онцлон дурдъя.

Нэг сэдвийн хэд хэдэн кино үзсэнээ сэдвээр нь бүлэглэсэн. Мөн зурагных нь доор тухайн киноны үнэлгээг хавсаргасан тул, үнэлгээг танд чухалчилдаг хүнд шилж сонгоход нь нэмэр болох бизээ.

Тусгаар тогтнол

Ийм сэдэв дор нэлээд хэдэн кино үзсэн ч онцлоод хэлэх 3 кино нь гурвуулаа Солонгос байх юм.

  1. A Resistance — Эсэргүүцэл
6.1/10 — IMDb

2019 онд гарсан түүхэн уран сайхны кино. Тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцож яваад шоронд хоригдож, Япон цэргүүдийн гарт 17 насандаа амиа алдсан Ю Гван Сун охины бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн. Энэ киноноос улс орны бүрэн эрхт байдал гэдэгт цэрэг техник, стратеги, дипломат харилцаа гэх мэт маш их зүйлс хамаатай ч, хамгийн нөлөөтэй нь жирийн иргэдийн, тэр дундаа хэнд ч анзаарагдахгүй өнгөрч болох жижигхэн охидын цуцашгүй итгэл билээ гэдгийг ойлгох болно.

2. Forbidden dream- Хориотой мөрөөдөл

6.5/10 — IMDb

Бас л өнгөрсөн онд гарсан, Чусоны Сэ Жүн хааны үеийн бодит үйл явдлаас сэдэвлэсэн кино. Энэ киноноос тусгаар улсыг бие даасан хүмүүс бий болгодог, тэр бие даасан хүнийг нь сониуч зан, боловсрол хоёр бий болгодог юм байна гэж дахин бодов. Ер нь боловсрол, түүний төлөөх уйгагүй зан нэг хүний амьдралд гэлтгүй, нийт улсын эрх ашигт сайнаар нөлөөлөх зайлшгүй хэрэгтэй эд ажээ.

3. Man of will (Commander Kim Chang-Soo) — Удирдагч Ким Чан Су

7/10 — IMDb

2017 онд гарсан Ким Кү (хожим Ким Чан Су гэж нэрлэгдэх болсон) гэх үндэсний үзэлтэн, улс төрчийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино. Энд бас л боловсролыг чухалчлан үзүүлдэг. Тухайн үед бичиг үсэг бол суурь боловсрол байжээ. Ердөө бичиг үсэггүйгээс болж хэрэгт гүтгэгдсэн олон хүн байсан талаар өгүүлнэ. Харин кино үзэж байхдаа “Орчин цагт хэд хэдэн гадаад хэлгүй бол бичиг үсэггүйтэй бараг адилд тооцогдох юм байна” гэх мэтчилэн юм бодож суув.

Сэтгэцийн эрүүл мэнд

  1. Three Identical Strangers — Танихгүй ихрүүд
7.6/10 — IMDb, 97% — RT, 81% — Metacritics

2018 оны баримтат уран сайхны кино. Эхэндээ ихрүүд нэг нэгнээ олж байгаа хөгжилтэй агшнуудыг үзэхдээ инээгээд л, аз жаргалтай байсан. Гэхдээ энд судалгааны этик зөрчигдвөл нэг хүн, цаашлаад нэг бүлэг хүмүүст ямар асуудал үүсч болохыг харуулсан болохоор төгсгөл нь сэтгэл өвдөж, олон юм бодмоор. Сэтгэцийн эмгэг удамшдаг эсэх талаар баримт ч өгүүлэх тун сонирхолтой кино.

2. The Queen’s gambit

8,7/10 — IMDb, 97% — Rotten Tomatoes

Гарсан жил нь багтааж үзсэн цөөхөн киноны нэг. Драма төрлийн мини-цуврал. Бусад спортын төрлийн киног бодвол сэтгэл хөдлөл багатай үзэж болохоор санагдсан. Бие хүнийг бүтээдэг орчин нөхцөл, хувь тавилангаар учирдаг сайн багш, найз нөхөд, амьдралд тохиолдох олон үйл явдал, түүнийг даван туулах сэтгэлийн тэнхээ гэх мэтийн талаар эргэцүүлж бодонгоо шатрын тэмцээний хожил хаашаа эргэхийг харж сууж болно. Ээжийнх нь амиа хорлолт ч бас нэг төрлийн хувь тавилан, охиныхоо замыг нээж өгсөн хэрэг болсон шиг.

3. Kim Ji Young born 1982 – 1982 онд төрсөн Ким Жи Ён

7.4/10 — IMDb

Савны хий гэж нэг юм хөдлөөд эмэгтэй хүн галзуурчихдаг юм гэж сонсож байсан хүн байна уу? Манай Монголчууд тийм юм ярьж байна гэхээр “төрсний дараах сэтгэл гутрал”-ын талаар огт ойлголтгүй биш. Угаасаа яаж ч ойлголтгүй байх вэ, амьдрал дээр тохиолдоод байгаа юм чинь. Тэгсэн хэрнээ яг шинжлэх ухааны нэршлээр нь хэлэхээр хүлээн авдаггүй, эсвэл тийм “нэршил” Монгол эмэгтэйд лав хэзээ ч тохиолдохгүй юм шиг ярих нь бий. Харин энэ киног үзээд, өөрөө хүүхэд төрүүлж сэтгэл гутралд орж үзсэн хүн шиг мэдрэв. Үүнээс гадна Солонгосчуудын сэтгэл зүйн асуудлыг маш хөнгөн, хөөрхөн, байж болох зүйл гэж өгүүлсэн өөр хоёр цувралыг бас үзсэн юм байна. Тэр нь “It is okay to not be okay” болон “It is Okay, That’s love”. Энэ хоёрыг цаг зав нь болбол үзчих хэрэгтэй. Энэ үед би Монгол кинон дээр сэтгэцийн өвчнийг аль талаас нь үзүүлдгийг эргээд бодлоо. Тусгаарлах өрөө, аюултай, чадах юмгүй хэдэн өвчтөнөөр л дүрслээд байдаг. Хэдүүлээ хэзээ нэг өдөр тийм аятайхан уур амьсгалтай кино үзэх юм бол доо.

Cosmo Honest Review дээр энэ киноны талаар “Ким Жи Ён надад хүч өгч байгааг мэдэрсэн. Энэ бол жирийн эмэгтэйг орчин үеийн линзээр харсан дүр бөгөөд түүнийг ер бусын, биширмээр болгодог асуудал, давуу талуудыг харуулдаг бүтээл юм” гэжээ.

Хүсэл эрмэлзэл

  1. Billy Elliot
7.7/10 — IMDb, 85%-RT, 74% — Metacritics

Бүүр 2000 оны киног саяхан л үзлээ. Бидэнд мэргэжил хүйсээр ялгаварладаг юм шиг хэвшмэл ойлголт байдаг даа, яг тэрний эсрэг кино. Өнөөх л хувь тавилан шүү дээ. Аавынхаа дэмжлэгээр боксын дугуйланд очоод, нэг заалан дахь балетын дугуйланг сонирхоод орчихдог. Аав нь, болон түүний найз ах нар эхэндээ эрэгтэй хүүхдийг боксоор хичээллэх ёстой гэж эсэргүүцэж байсан ч, сүүлдээ түүний өнгө өнгийн дэмжигчид нь болоод хааны академийн шалгаруулалтад мөнгө цуглуулж явуулдаг хэсэг нь үнэхээр хөөрхөн байсан. За ер нь бүхэлдээ л хөөрхөн кино.

2. I am Kalam

8/10 — IMDB, 80% — Rotten Tomatoes

Бас л бүр 2011 оны кино. Кино эхлэхэд Энэтхэгийн аль нэг төр, төрийн бус байгууллагын захиалгаар хийсэн гэж бичээтэй байсан. Захиалгынх байсан ч ийм нэг сайн үнэлгээ өгөхүйц кино хийж болох л юм билээ гэж харж суув. Гэхдээ ч Энэтхэг өөрөө киноны өлгий л дөө. Ядуу гаралтай ч, сэргэлэн хүү ерөнхийлөгчөөсөө урам зориг авч, өөрийнхөө нэрийг ерөнхийлөгчтэйгөө адилхан болгож солиод, адилхан зорилго тавиад урагшилж буй тухай гарна.

Мөн дайны сэдэвтэй Jojo Rabbit, Letters from Iwo Jima, 1917 гэх мэт кинонууд үзжээ. Дайнтай ямар ч кино үзсэн дайн гэж ямар ч хэрэггүй гэх бодол л баталгаажаад байдаг.

Ямар нэг сэдвээр ангилах боломжгүй кинонуудаа дараагийн блогтоо иймэрхүү байдлаар, хөнгөхөн дурдаад орхино оо гэсэн бодолтой байна. Удахгүй уулзъя

--

--

Batzaya Batjargal
Batzaya Batjargal

No responses yet